Нийслэлийн Mэргэжлийн хяналтын газрын төв лабораторид тоног төхөөрөмж хүлээлгэн өглөө

Нийслэл хотын агаарын бохирдлыг 80 хувь хүртэл бууруулах, агаарын чанарын хяналтыг сайжруулах зорилгын хүрээнд Монгoл Улсын Засгийн газар болон НЗДТГ-ын зүгээс шат дараалалтай арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байна.

Үүнийг нэг нь Дэлхийн банкны санхүүжилттэй Улаанбаатар хотын Цэвэр агаар нэмэлт санхүүжилтийн төслөөс Нийслэлийн Mэргэжлийн хяналтын газрын төв лабораторид “Хүрээлэн буй орчин дахь бүх төрлийн хорт хүнд металлын элементүүдийн үлдэгдлийг нарийн тодорхойлох иж бүрэн тоног төхөөрөмж буюу атом шингээлтийн спектрометр” болон “Дулаан алдагдлыг хэмжих багаж хэрэгсэл”-ийг ханган нийлүүллээ. Энэхүү тоног төхөөрөмж нь бүх төрлийн хүнсний бүтээгдэхүүн болон хөрс, бохир ус, гүнийн ус, төвлөрсөн шугамын усанд дахь хүнд металлын элементийн үлдэгдлийг тодорхойлдог. Ингэснээр стандартад зөвшөөрөгдөх хэмжээнээс хэр давж байна гэдгийг хянаж, улмаар энэ нь агаарын бохирдол болон хөрс, усанд хэр их нөлөөтэй байна гэдгийг тодорхойлох чадвартай болно.

Нийслэлийн Mэргэжлийн хяналтын газрын Tөв лабораторийн эрхлэгч Д.Эрдэнэтуяа: “Mанай лабораторид өнөөдөр Ажилент компанийн хамгийн сүүлийн үеийн атом шингээлтийн спектрометрийн багаж шинэчлэгдэн суурилагдаж байна. Бидний өмнөх багаж 10 гаруй жил хэрэглэгдэж, 2020 онд эвдэрч, хэрэглээнээс гарсан. Стандартын хэмжээнээс давсан тохиолдолд хүний биед хорт хавдар үүсгэх магадлалтай хортой хүнд элементийн үлдэгдлийг өнөөдөр манай лаборатори хянах боломжтой боллоо”.

Улаанбаатар хотын Цэвэр агаар нэмэлт санхүүжилтийн төслийн зохицуулагч Н.Баяртогтох: “Бид агаар, орчны бохирдлыг бууруулахад чиглэсэн хөрс, усанд дахь хүнд металлын элементийн үлдэгдлийг тодорхойлож, арга хэмжээ авахад шаардагдах судалгаа, анализийг боловсруулахад үр дүнтэй тоног төхөөрөмжийг нийлүүлж байгаад баяртай байна. Цаашдаа бид энэ гэр хорооллын айл өрхүүдийн дулаан алдагдлыг бууруулах болон агаар, орчны бохирдлыг хэмжих суурин харуулуудыг нийлүүлэх зэрэг олон ажлуудыг төлөвлөн ажиллаж байна”.